ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн
тамгын газрын даргын 20... оны ... дугаар сарын ....-ны
өдрийн
.... дугаартай
тушаалын хавсралт
ХЭНТИЙ
АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН
ШҮҮХИЙН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Журмын
зорилго нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар нь
шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй хангах, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг
тодорхойлох, захиргааны болон үйлчилгээний ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах
тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, нийгмийн асуудлыг
шийдвэрлэх, үйл ажиллагааг төлөвлөх,
тайлагнах, үнэлж дүгнэх, мэдээлэх, эерэг уур
амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ,
сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах эрч хүч хүсэл эрмэлзэл бий болгоход
анхаарч ажиллах, төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг
бэхжүүлэх, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахихтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.
Тамгын газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн
хууль бусад хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн журам аргачлал болон
шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг удирдлага болгон ажиллана.
1.3.
Уг журмыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын
шүүхийн шүүгчид, тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний
албан хаагч /цаашид “ажилтан” гэх/ бүр нэгэн адил чанд мөрдөнө.
1.4.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн
тамгын газар нь /ажил олгогч/-ийн удирдах албан тушаалтан ба албан хаагчдын хоорондын
хөдөлмөрийн харилцаанд МУ-ын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон
дараахь зарчмуудыг мөрдлөг болгоно.
1.4.1. Удирдлага
ба албан хаагчийн хоорондоо харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах, шударга,
хүнлэг ёсыг дээдлэх.
1.4.2. Шүүгч,
ажилчдыг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, үүсэл, хөрөнгө
чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь
гадуурхахгүй эрх тэгш харьцах
1.4.3. Ажил үүргээ
биелүүлэхэд нь бусдад саад үл учруулах, бусдыг ажил үүргээ гүйцэтгэхэд
хөндлөнгөөс үл оролцох.
1.4.4. Байгууллагын
болон хувь хүний нууцад хамаарахаас бусад ажил үүрэгтэй холбоотой асуудлаар ил
тод нээлттэй байх.
Хоёр. Албан тушаалд шинээр томилох, сэлгэн
ажиллуулах:
2.1. Тамгын
газрын дарга төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27.1,
27.2, 27.3-т заасны дагуу томилж, чөлөөлнө. Шаардлагатай тохиолдолд шинээр
томилогдох ажилтнаас тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэдлэг, мэргэшил, ур
чадварын шалгалтуудыг авна. /компьютер, түгээмэл гадаад хэлний мэдлэгийг шалгах
шалгалтыг нэмэлтээр авч болно/.
2.2. Төрийн
жинхэнэ албан тушаалд анх томилогдож буй албан хаагчид шаардлагатай гэж үзвэл
туршилтын хугацааг 6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоож, Төрийн албаны
төв байгууллагаас тогтоосон туршилтын хугацаа хэрэглэх болзол журам, ашиг
сонирхлын зөрчилтэй эсэхийг нягталсан эрх бүхий байгууллагын дүгнэлтийг
үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг шийдвэрлэнэ. Төрийн
жинхэнэ албан тушаалд дараахь шаардлагыг хангасан иргэнийг томилно. Үүнд:
А.Монгол
улсын иргэн байх.
Б.Дээд
боловсролтой байх.
В.Монгол
хэлний ярианы болон бичгийн чадвартай байх.
Г.Хуулийн дагуу
цэргийн алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх. /2008.06.03-ны
өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр
тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу
бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд хамаарахгүй/.
Д.Эрүүгийн
хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж
байгаагүй байх.
2.3. Дээрх
шаардлагагыг хангасан иргэнийг албан тушаалд томилоход дараах баримт бичиг
бүрдүүлнэ. Үүнд:
2.3.1.
Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт №1/
2.3.2.
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх,
сертификат/-ийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/
2.3.3.
Намтар /3 үеийн/
2.3.4.
Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
2.3.5.
Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
2.3.6.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай болон Төрийн албаны
тангараг өргөсөн тухай материал /төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход
хамаарахгүй/
2.3.7. Ажил
эрхэлж байсан бол ажил байдлын тодорхойлолт
2.3.8. Цээж
зураг 4 хувь /3x4/
2.3.9. Өмнө нь ажиллаж байсан бол ажиллаж
байсан газрын удирдах албан тушаалтны гаргасан ажил байдлын тодорхойлолт;
2.3.10. Ажил мэргэжлийн ур чадвар,
туршлага, амжилтыг нотлох бусад баримт бичиг;
2.3.11. Шаардлагатай
бол ажил олгогч нь ажил горилогчийн оршин суугаа газрын засаг захиргааны
нэгжийн тодорхойлолт, эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг шаардаж болно.
2.4. Төрийн
үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг,
албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг
танилцуулж, хугацаатай эсхүл хугацаагүйгээр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн
бүрэн хариуцлагын гэрээг бичгээр байгуулсны дараа тамгын газрын даргын
тушаалаар томилж, чөлөөлнө. Гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр болно.
2.5. Энэ
журмын 2.4-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд
үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
2.6. Хугацаатай хөдөлмөрийн гэрээний
хугацаа дуусахаас өмнө ажил олгогч ажилтан харилцан тохиролцсоноор хугацааг
сунгах буюу хугацаагүй гэрээ болгон өөрчилж болно. Хэрэв хөдөлмөрийн хугацаатай
гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй
бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээг гэрээнд анх
заасан хугацаагаар дахин сунгасанд тооцно.
2.7. Шинээр
томилогдсон ажилтанд хөдөлмөрийн дотоод журам болон үйл ажиллагааны дүрэм,
холбогдох хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, ажлын байр /албан тушаал/ны
тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээний журам,
албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах
нөхцөл, баталгаа зэргийг танилцуулна.
2.8. Шинээр
томилогдсон ажилтныг хамт олонд танилцуулж, туршилтын хугацаанд төрийн алба,
архив, бичиг хэргийн стандарт, ажлын зохион байгуулалт, бичиг баримт
боловсруулах, дадлагажуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын
талаар ганцаарчилсан сургалтад хамруулах ажлыг тамгын газраас зохион байгуулна.
2.9. Шүүгч,
ажилтныг томилогдсон өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
нээж, хувийн хэрэг хөтөлнө.
Шүүгч ажилтны
хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг
хангасан байна. Шүүгч, ажилтан бүрийн хувийн хэргийн бүрдлийг тамгын газрын
дарга, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бүртгэлийг шүүхийн санхүү хөтөлж,
хүний нөөцийн хөдөлгөөн бүрт гарын үсгээр хүлээн авч, хүлээлгэн өгнө.
2.10.
Ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар тамгын газраас санаачлан тухайн ажилтны
саналыг харгалзан сэлгэн ажиллуулж болно.
2.11. Хууль
хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод харшлахааргүй
ажил, үүргийг байгууллагын удирдлагаас хүлээлгэсэн нөхцөлд түүнийг хугацаанд нь
биелүүлэх үүрэг хүлээнэ.
2.12.
Шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн
албан үүргийг түр орлон гүйцэтгэх, ажил, албан тушаал хавсран ажиллах асуудлыг
шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль
тогтоомжид заасны дагуу олгож болно.
Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг:
3.1.
Шүүхийн тамгын газар нь захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2. Шүүхийн
захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг шүүх дээр
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
3.3.
Шүүхийн тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлд
заасан эрхийг хэрэгжүүлнэ.
3.4. хууль
тогтоомж, энэ журамд заасан бусад эрх
3.5.
Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнаас Төрийн албаны тухай хууль,
Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон
бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөдөмөрийн болон үр дүнгийн гэрээ
байгуулах, гэрээг өөрчлөх, нэмэлт оруулах, цуцлахыг санаачлах.
3.6.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан ажлын байрны тьодорхойлолтыг мөрдлөг болгон
ажиллах, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үр дүнгийн болон хөдөлмөрийн
гэрээгээр хүлээсэн үүрэг, дотоод журмыг биелүүлэхийг шаардах, биелэлтэд хяналт
тавих, ажил үйлчилгээний чанарыг сайжруулахыг шаардах, биелүүлээгүй тохиолдолд
хариуцлага хүлээлгэх эрхтэй.
3.7. Шүүгч,
ажилтны мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг
үзүүлэх.
3.8. Шүүгч,
ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн
эрүүл ахуй, аюулгүй нөхцөл, нийгмийн
баталгааг хангах ажлыг зохион байгуулах.
3.9. Шүүгч,
ажилтны цалин хөлсийг сар бүрийн 20-ны дотор олгох.
3.10.
Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, ажлын байрны
эмх цэгц, цаг ашиглалтын байдалд хяналт тавих.
3.11.
Ажилтнуудын чөлөөт цаг, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр урлаг, спортын болон
аялал зугаалгын арга хэмжээг зохион байгуулах.
3.12. Шүүгч,
ажилтнуудыг нийтээр бүсийн оношилгоо эмчилгээний төвд жлд нэг удаа хамруулах.
3.13.
Хөдөлмөрийн дотоод журам болон дагаж мөрдөх дүрэм, журам зааврыг чанд
биелүүлэхийг шаардах, түүний биелэлтэд хяналт тавих.
3.14.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон хөдөлмөрийн сахилга зөрчсөн
ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэх.
3.15. хууль
тогтоомжид заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг
санаачлах.
3.16.
Багйууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн болон бусад
хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарч нөхөн төлүүлэхээр шаардах
3.17. Хууль
тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
Дөрөв. Ажилтны эрх, үүрэг:
4.1.
Байгууллага, хамт олон, эрхэлсэн ажил, албан тушаалаа хүндэтгэн дээдэлж ямагт
өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн болон
шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
4.2. Ажлын
байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, эд хөрөнгийн
хариуцлагын гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг
даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэн, биелэлтийг хугацаанд нь эргэн
танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлах.
4.3.
Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлага гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур
чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах.
4.4. Албан
хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан сахиж, хадгалж, бичиг баримтыг стандартын
дагуу боловсруулж, архив хугацаанд нь шилжүүлэх
4.5. Эд
хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг зохистой ашиглаж, засвар үйлчилгээг
хугацаанд нь хийлгэж, албан тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгах.
4.6. Ажлын
байрны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх
болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль
тогтоомжийг сахин биелүүлэх.
4.7. Шүүгч,
ажилтан өөрсдийн хувийн хэргийн баяжилтыг тухай бүр хийгдэж байгаа эсэхэд
хяналт тавих, хувийн хэрэгт хавсаргах шаардлагатай материалыг цаг тухайд нь
шаардуулахгүйгээр өгөх /Өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн
үнэлгээ зэрэгтэй танилцаж шаардлагатай гэж үзвэл холбогдох ажилтанд мэдэгдэн,
хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар баяжилтыг хийж болно./
4.8 Хууль тогтоомж,
эрх зүйн актад заасны дагуу гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс,
нэмэгдэл урамшуулал авах.
4.9. Цалин
хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, нийгмийн баталгааг
сайжруулах, дотоодод болон гадаад улсад сургалтад хамрагдахаар хүсэлт гаргах,
энэ тухайгаа тамгын газрын даргад амаар болон бичгээр гаргаж шийдвэрлүүлэх.
4.10. Мөн
ажлын зайлшгүй шаардлага бий болоогүй тохиолдолд ээлжийн амралтыг биечлэн эдэлж
дуусгана. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй
ажилтанд мөнгөн урамшуулал олгоно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын
гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил
олгогчийн шийдвэрээр зохицуулна.
4.11.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ журамд заасан
үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг санаачлах.
4.12.
Эрхэлсэн ажилдаа үр бүтээл, санаачлагатай ажиллаж тодорхой амжилт гаргасан
тохиолдолд зохих шагнал урамшуулал хүртэх, төрийн одон медаль болон бусад
шагналд тодорхойлуулах, мөнгөн урамшуулал авахыг санаачлах.
4.13. Хууль
тогтоомжид заасан бусад эрх.
4.2. Төрийн
болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан
үүргийн дагуу танилцсан ажилтан албан ажлын болон хувь хүний нууцыг задруулах,
тэдгээрийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
Тав. Тамгын газрын үйл ажиллагааг төлөвлөх,
түүнийг тайлагнах, үнэлж дүгнэн хэлэлцүүлэх:
5.1. Тамгын
газар нь жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг өмнөх оны 12-р сарын 15-ны
дотор шүүгч, ажилтнуудаас авна.
5.2. Шүүгч,
ажилтнуудын гаргасан саналыг харгалзан төлөвлөгөөг боловсруулан дараа оны 1-р
сарын 15-ны дотор хамт олны хуралдаанаар хэлэлцүүлэн батална.
5.3. Үйл ажиллагааны
төлөвлөгөөний биелэлт, шүүхийн тамгын газрын тайлангийн төслийг даргын үүрэг
болгосон ажилтан боловсруулж хагас, бүтэн жилээр гаргаж Тамгын газрын даргад
танилцуулна. Тамгын газрын дарга нь шүүхийн тамгын газрын тайланг хамт олны
хуралд танилцуулж хэлэлцүүлээд гарсан санал, хүсэлтийг тусган Шүүхийн Ерөнхий
Зөвлөлд хүргүүлнэ.
5.4. Шүүн
таслах ажлын хагас, бүтэн жилийн мэдээ, улирлын шуурхай мэдээг дурдсан
хугацаанд гарган Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл,
сургалтын хүрээлэнд хүргүүлнэ.
5.5.
Нягтлан бодогч төсвийн төслийг боловсруулж Тамгын газрын даргад танилцуулсны
үндсэн дээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
Зургаа. Үйл ажиллагааны үр дүнг тооцож
дүгнэх, арга хэлбэр:
6.1. Тамгын
газрын дарга төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээг байгуулж
баталгаажуулна.
6.2. Гэрээ
байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд Төрийн
албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан
“Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж
дүгнэх журам”-ыг баримтална.
6.3. Тухайн
төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг Тамгын газрын дарга үнэлж дүгнэнэ.
Энэхүү үнэлгээ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан
хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.
6.4.
Ажилтан тухайн оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор хөдөлмөрийн болон
гэрээний биелэлтээ бүтэн жилээр тайлагнаж, дараа жилийн гэрээний төслийг дараа
оны 1-р сарын 10-ны дотор боловсруулж хөдөлмөрийн болон гэрээг байгуулах
үүргийг хүлээнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан,
дараа жилийн үр дүнгийн гэрээний болон хөдөлмөрийн гэрээний төслөө өгөөгүй нь
түүнд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
6.5.
Тайлант жилийн дундуур ажилтан өөр албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн
тохиолдолд шинээр томилогдсон ажилтан уг гэрээний хугацаагаар үргэлжлүүлэн
ажиллана.
6.6.
Гэрээний хугацаа тухайн оны 1-р сарын 01-ний өдрөөс эхэлж, 12-р сарын 31-ний
өдрөөр дуусгавар болно.
6.7.
Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас” болон ажлын тайланд талууд гарын
үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно. Үр
дүнгийн гэрээ болон илтгэх хуудсыг 2 хувь үйлдэж талууд болон тамгын газрын
дарга тус бүр 1 хувийг хадгална.
6.8. Тамгын
газрын дарга байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц байдалд улирал,
хагас жил тутам хяналт шинжилгээг хийнэ.
Долоо. Ажлын цагийн горим, ажилтанд чөлөө
олгох:
7.1.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын
7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 хүртэл цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх
хугацаа 8 цаг байна. Ажлын цаг өглөө 830 цагт эхэлж, орой 1800
цагт дуусгана. Үдийн завсарлага 1230 цагаас 1400 цагийн
хооронд байна.
7.2. Ажлын шаардлагаар
буюу ачаалал ихтэй /ялангуяа улирал, хагас, бүтэн жилийн мэдээ тайлан гаргах/
үед ажил олгогч, ажилтантай тохиролцсоны дагуу нийтээр амрах баярын болон долоо
хоногийн амралтын өдрүүдэд ажиллуулж болно. Энэ тохиолдолд илүү цагаар
ажилласан цагийг тооцож зохих журмын дагуу хөлс олгож болно. /өдөр тутам
хийгдэх ажлыг болон өөрөөс шалтгаалах ажлыг хугацаандаа хийгээгүйн улмаас нөхөж
хийсэн бол илүү цагаар ажилласанд тооцохгүй/.
7.3. Шүүгч,
ажилтан ажилдаа ирэх, ажлаас явахдаа цаг бүртгэх төхөөрөмжид бүртгүүлнэ.
Ажилтан ажлын шаардлагаар гадуур ажиллах тохиолдолд тамгын газрын даргад
мэдэгдэж, цагийн чөлөөний хуудас бөглүүлнэ.
7.4.
Шүүхийн захиргааны ажилтан нь ажлын ирэх, эсхүл тарах цагаа бүртгүүлэх
боломжгүй, ажлын цагаар хувийн шалтгаанаар гадагш гарсан тохиолдолд архив,
бичиг хэргийн эрхлэгчид мэдэгдэж, архив, бичиг хэргийн эрхлэгч энэ тухай
бүртгэл хөтлөн тамгын газрын даргад 7 хоног бүр танилцуулна.
7.5. Шүүгч
нь ажлын ирэх, эсхүл тарах цагаа бүртгүүлэх боломжгүй, ажлын цагаар хувийн
шалтгаанаар гадагш гарах тохиолдолд Ерөнхий шүүгчид утсаар болон биеэр
мэдэгдэнэ.
7.6.
Шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Шүүгчид чөлөө олгох
журам”-ын дагуу, Шүүхийн захиргааны ажилтанд Шүүхийн тамгын газрын даргын
тушаалаар баталсан “Чөлөө олгох” журмын дагуу тус тус Тамгын газрын дарга чөлөө
олгоно. Чөлөө авах ажилтан чөлөө
авахыг
хүссэн хүсэлтийг урьдчилан бичиж архив, бичиг хэргийн эрхлэгчид өгнө. Уг
хүсэлтийг хүлээн авсан ажилтан Тамгын газрын даргад танилцуулан зөвшөөрснөөр
чөлөө олгогдсонд тооцно. Хүсэлт бичих боломжгүй байгаа тохиолдолд Тамгын газрын
даргад амаар болон бичгээр, утас, цахилгаанаар урьдчилан заавал мэдэгдэж,
чөлөөний хугацааг нарийн тохиролцоно.
7.7.
Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт энэ журмын 7.6-д
зааснаар чөлөө олгохдоо дараах зүйлийг харгалзан чөлөө олгох асуудлыг
шийдвэрлэнэ.
7.7.1. Шүүгчийн туслахын хувьд тухайн
шүүгчийнх нь саналыг харгалзана.
7.7.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн
даргын хувьд шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаж хянуулаагүй байгаа шүүгчийн
саналыг харгалзана.
7.8. Шүүгч,
ажилтан өөрөө өвчлөх, хөдөлмөрийн чадваргүй болон хүнд өвчтэй гэр бүлийн
гишүүн, үр хүүхдээ эмчид яаралтай үзүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр саатуулагдсан,
баривчлагдсан, хөл хорионд орсон, ажилд дайчлагдсан зэрэг хүндэтгэн үзэх
шалтгаанаар урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авч чадахгүйгээр ажлаас
хожимдох, таслахад хүрвэл нэн даруй тамгын газрын даргад заавал мэдэгдэнэ.
7.9.
Ажилтан өвчтэй байсны улмаас ажилдаа ирж чадахгүй тохиолдолд эмнэлгийн
магадлагааг нягтлан бодогчид ирүүлэх бөгөөд нягтлан бодогч энэ тухай тухайн
шүүхийн Тамгын газрын даргад мэдэгдэнэ.
7.10.
Ажилтанд албан томилолт олгох асуудал холбогдох журмын дагуу зохицуулагдана.
7.11.
Шүүгч, ажилтан албан томилолт, чөлөөгөөр явахдаа томилолт, чөлөөний хуудсыг
Тамгын газрын даргад зохих журмын дагуу тэмдэглүүлж, бүртгүүлнэ.
7.10.
Шүүгч, ажилтан томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагүйгээр болон
тамгын газрын даргад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажилд ирээгүй, цагийн бүртгэлд
бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно. Мөн хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр
ажлын нэг өдөрт дараалан буюу нийлбэр дүнгээр дөрөв, түүнээс дээш цагаар ажил
үүргээ гүйцэтгээгүй ажилтныг тухайн өдрийн ажил тасалсанд тооцно.
7.13. Ажлын
цагийн бүртгэлийн төхөөрөмжийг тамгын газраас зохион байгуулж хяналт тавих
бөгөөд ирцийн мэдээллийг хэвлэж /мэдээлэл технологийн мэргэжилтэн/ тамгын газрын даргад сар бүр
танилцуулан мэдэгдэж байна. Цагийн бүртгэлийг үндэслэн тухайн ажилтны цагийн
хөлсийг зохих журмын дагуу тооцно.
7.14.
Ажилтан нэг сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 480 минутаас дээш хугацаагаар
хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
7.15.
Ажилтанд ээлжийн болон нэмэгдэл амралтын хугацааг нь хуульд заасны дагуу тооцон
олгож, жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар
ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.
Мөнгөн урамшууллыг Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуульд зааснаар зохицуулна.
7.16.
Шинээр томилогдсон ажилтан 6 сараас доошгүй хугацаагаар ажилласны дараа түүнд
ээлжийн амралт олгоно. Ажилтан өмнөх жилийн ээлжийн амралтаа эдэлснээс хойш 3
сараас доошгүй хугацаагаар ажилласан ажилтанд дараа жилийн ээлжийн амралтыг
олгоно.
7.17. Жил
бүрийн 1-р улиралд багтаан ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг Тамгын газрын
дарга тушаалаар батална.
Найм. Дотоод хяналт шалгалт, дэг журам:
8.1. Дотоод
хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг Тамгын газар хариуцан хэрэгжүүлнэ.
8.2.
Шүүхийн байранд гадны хүмүүсийг дараах журмыг баримтлан нэвтрүүлнэ:
8.2.1.
Албаны болон хувийн хэргээр ажлын албанд нэвтрэх иргэнийг Харуулын
цагдаа биеийн
байцаалтыг нь шалгаж, уулзаж харилцах ажилтанд мэдэгдэж нэвтрүүлнэ.
8.3. Ажлын
байранд дараах зүйлийг хориглоно:
8.3.1.
Зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас байгууллагын эд хогшил, техник хэрэгсэл гадагш
гаргах.
8.3.2.
Зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал согтууруулах
ундааны зүйл оруулах, өрөө танхимд байрлуулах.
8.3.3.
Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн, гаднах байдлаараа сэтгэцийн
өөрчлөлттэй гэдэг нь илт мэдэгдэж буй этгээдийг нэвтрүүлэхгүй байх.
8.3.4.
Чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, тамхи татах болон согтууруулах ундаа,
мансууруулах бодис хэрэглэх зэргийг хориглоно.
8.3.5. Ажлын
байранд албаны болон хувийн хэргээр түр нэвтрэгсэд гадуур хувцсаа зориулалтын
байранд хадгалуулна.
Ес. Ажилтанд буцалтгүй тусламж, тэтгэмж
олгох:
9.1. Шүүгч, ажилтанд буцалтгүй тусламж,
тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль журам болон энэхүү журмыг үндэслэн
хэрэгжүүлнэ.
9.2. Шүүгч, ажилтны
өрхийн орлого буурч, өрхийн нэг гишүүнд ногдох хэмжээ амьжиргааны баталгаажих
доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд тухайн ажилтны гэр бүлийг нь дэмжих
зорилгоор нэг сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа
буцалтгүй тусламж олгож болно. /Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тусламж
хамаарахгүй./
9.3. Шүүгч, ажилтан
өөрөө болон тэдний гэр бүлийн гишүүн /төрөл садан, ах, эгч, дүү, эмээ, өвөө
болон шууд асрамжид байдаг хүмүүс/ нь нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн
чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх чадваргүй болсон бол батлагдсан
төсвөөс хамааран нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Үүнд:
9.3.1. Шүүгч,
ажилтан өөрөө нас барсан бол 500.000 төгрөг хүртэлх буцалтгүй мөнгөн тусламж.
9.3.2. Шүүгч,
ажилтан өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон бол 300.000 төгрөг хүртэлх
мөнгөн тусламж.
9.3.3. Шүүгч,
ажилтны эхнэр, нөхөр, эцэг, эх, эмээ, өвөө, хадам аав, ээж, үр хүүхэд, төрсөн ах,
эгч дүү болон шууд асрамжинд байдаг хүмүүс нь нас барсан бол 200.000 төгрөг
хүртэлх мөнгөн тусламж.
9.3.4. Өндөр настны
тэтгэвэрт гарсан шүүгч, ажилтан нас барсан бол 200.000 төгрөг хүртэлх мөнгөн
тусламж.
9.3.5. Өндөр насны
тэтгэвэрт гарсан шүүгч, ажилтны эцэг эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд нь нас барсан
бол 100.000 төгрөг хүртэлх мөнгөн тусламж.
9.3.6. Шүүгч,
ажилтнуудын орон байр, эд хөрөнгө нь байгалийн гамшиг болон гадны бусад хүчин
зүйлээс шалтгаалж устаж үгүй болсон бол 200.000 төгрөг хүртэлх мөнгөн болон эд
материалын тусламж үзүүлэх.
9.4 Өндөр насны
тэтгэвэр тогтоолгосон шүүгч, ажилтанд Ахмадын баяр болон Монголын үндэсний
уламжлалт цагаан сарын баяраар хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйл дурсгаж
хадгалуулна.
9.5. Шүүгч,
ажилтнуудад байгууллагын төсвийн байдлаас шалтгаалан Төрийн албаны тухай хууль
болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн нийтийн тээврийн унааны
зардлын зохих хэсэг, түлш, халаалтын хөнгөлөлт олгож болно.
9.6 Шинээр гэр бүл
болоход 200.000 хүртэлх төгрөгийн мөнгөн тусламж
9.7. Шүүгч, ажилтны
гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн тохиолдолд 100.000 хүртэлх төгрөгийн тусламж.
9.8. Шүүх
байгуулагдсаны ойн арга хэмжээнд 500.000 хүртэлх төгрөг.
9.9. Шүүгч, төрийн
захиргааны албан хаагчдын Тангараг өргөх ёслол, урлаг, спортын арга хэмжээ,
тэмцээн уралдаан зэрэг баяр ёслолын үйл ажиллагаанд 350.000 төгрөг хүртэлх.
9.10. Хүүхдийн
баяр, шинэ жил тэмдэглэхэд шүүгч, албан хаагчдын хүүхэд бүрт 30.000 хүртэлх
төгрөгийн бэлэг өгч болно.
9.11. Ажилтанд
нийтийн тээврийн хэрэгслээр ирэх, зорчих, хоолны мөнгөний хэмжээг батлагдсан
төсвийн хүрээнд жил бүр тогтоон, сар тутам олгоно.
10. Цалин хөлс, шагнал урамшуулал:
10.1. Тамгын газар
нь ажилтнуудын албан тушаалын үндсэн цалин болон албан ажлын онцгой нөхцлийн,
докторын зэргийн, цолны, мэргэшлийн зэргийн, төрийн алба хаасан хугацааны,
зэрэг дэвийн, ур чадварын нэмэгдлээс бүрдсэн хөдөлмөрийн хөлсийг холбогдох
хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын баталсан цалингийн сүлжээ,
шатлал, журмын дагуу бодож олгоно.
10.2. Ажилтны
цалинг сар бүрийн 20-ны дотор ажлын цагийн бүртгэлийг үндэслэн олгоно. Цалин
бууснаас хойш ажил тасалсан, цалингүй чөлөө авсан зэрэг тохиолдолд олгосон цалинг
дараа сарын цалингаас суутгаж болно.
10.3. Ажилтан
хүндэтгэн үзэх шалтгаанаар дараагийн сарын цалинг урьдчилж авахыг хүсвэл 1
сарын цалингаас хэтрүүлэхгүйгээр хүсэлтийг харгалзан олгож болно.
10.4. Мэргэжлийн
өндөр ур чадвар, идэвхи санаачлага гарган албан үүргээ тогтмол чанартай
биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс
зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллага, албан
хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн
ажиллаж байгаа ажилтныг дараахь байдлаар шагнаж урамшуулна.
10.4.1. Мөнгөн
урамшуулал олгоно.
10.4.2. Үр дүнгийн
мөнгөн урамшуулал олгох.
10.4.3. Эд зүйл
болон үнэ бүхий зүйл дурсгах.
10.4.4 Өргөмжлөл
хадгалуулах.
10.4.5.
Байгууллагын хөдөлмөрийн аварга болон Төрийн одон медаль, орон нутгийн
бусад шагналаар
шагнуулахаар холбогдох байгууллагад тодорхойлох, хүсэлт гаргах.
10.4.6. Хөдөлмөрийн
хөлстэй холбоотой бусад асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4
дүгээр бүлэгт зааснаар зохицуулна.
10.4.7. Энэ журамд
заасан шагнал, урамшуулал олгоход дагалдах мөнгөний хэмжээг тогтоохдоо эрх
бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, журмыг мөрдлөг
болгоно.
10.4.8. Ажилтанд
нэг өдрийн хоолны мөнгө, унааны зардлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан
дүнгээр тооцож олгоно.
10.4.9. Ажилтны
өвчтэй байсан хугацааны цалинг эмнэлгийн хуудас, магадлагаа зэргийг үндэслэн
холбогдох заавар, журмын дагуу олгоно.
10.4.10. Ажилтанд тусламж,
дэмжлэг, нөхөн олговор олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль болон холбогдох
бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
10.4.11.
Байгууллагаас зарласан тэмцээн, уралдаанд байр эзэлсэн ажилтан, иргэн, хуулийн
этгээдэд энэ журмын 10.4.1, 10.4.3, 10.4.4-т заасан шагнал, урамшууллыг олгож
болно.
10.4.12. Ажилтан
зөвшөөрвөл түүний цалин хөлснөөс өөрийнх нь элссэн холбоо, байгууллагын
гишүүний татвар, хураамжийг суутган авч, холбогдох газар шилжүүлж болно.
Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, түүнийг
зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл:
11.1. Ажилтан нь
ажлын байрны тодорхойлолт болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ
зохих ёсоор хэрэгжүүлсний төлөө түүнийг буруутгах, доромжлох, аливаа үйлдэл, эс
үйлдэл хийхийг шаардахыг хориглоно.
Дараахь зөрчлүүдийг сахилгын ноцтой зөрчилд
тооцно. Үүнд:
11.2. Төрийн албан
хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус
цагаар ажлын байранд
согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг санаатайгаар хэрэглэх.
11.3.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 өдөр буюу 8 цагаас дээш хугацаагаар ажил
тасалсан тохиолдолд.
11.4.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан хариуцаж буй эд хогшлыг хувьдаа
ашиглаж, байгууллагад хохирол учруулсан бол.
11.5.
Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус болон бэлгийн дарамт, шахалт үзүүлэх,
ёс бус үг хэллэг хэрэглэх, ялгавартай хандах аливаа үйлдлийг гаргах, хэргийн
оролцогчид болон хамт ажиллагсаддаа хүндэтгэлгүй, дээрэнгүй хандах, харилцааны
болон ёс зүйн доголдол гаргах, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бол.
11.6.
Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг,
тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах,
хэрэглэх, ашиглахыг завдсан бол.
11.7. Хууль
тогтоомж, холбогдох дүрэмд заасан хөдөлмөрийн сахилга зөрчсөн, түүнчлэн ажлын
байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй
/судалгаа, тайлан мэдээг буруу гаргасан/ ажилтныг гаргасан зөрчлийг шинж
байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай
хуулийн 131 дүгээр зүйл заасан сахилгын шийтгэл ногдуулна.
11.8. Хугацаатай
тайлан, мэдээ, судалгаа болон удирдлагаас өгсөн
үүрэг даалгаврыг /тайлан, төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт/-г тогтоосон
хугацаанд хоёроос дээш удаа биелүүлээгүй буюу хугацаа хоцроосон, сахилгын
зөрчлийг давтан гаргасан зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халах
сахилгын шийтгэл ногдуулна.
11.9. Төрийн албан
хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч,
шалгаж, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана.
11.10.
Ёс зүйн хороо нь ажилтнуудтай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авах,
ухаалаг
төхөөрөмжөөр авсан санал асуулгын дүнг нэгтгэн 2-оос дээш удаа хангалтгүй
үнэлгээ авсан ажилтанд ёс зүй, харилцаа хандлагын чиглэлээр сургалт явуулах ажлыг
зохион байгуулах, давтан зөрчил гаргасан тохиолдолд энэ талаар шалган дүгнэлт
гаргаж, тамгын газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
11.11.
Сахилгын шийтгэл, ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоон, энэ тухай баримт
үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил
гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин
шалгалт явуулахыг шаардах эрхтэй.
11.12.
Сахилгын шийтгэлийг Тамгын газрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг
өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалын хувийг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай
тохиолдолд хамт олонд мэдээлнэ.
11.13.
Нэгдсэн дотоод хяналт, шалгалтыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Дотоодын хяналт
шалгалтаар илэрсэн ажилтны гаргасан зөрчил сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл
болно.
11.14.
Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа нэг жил байна.
11.15.
Ажилтны гаргасан зөрчил сахилгын ноцтой зөрчилд тооцохоор бол хөдөлмөрийн
харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгоно.
Арван хоёр. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн
санаачилгаар цуцлах:
Хөдөлмөрийн гэрээг
дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
12.1. Аж ахуйн нэгж,
байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл
ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж
байгаа ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлан
тэдний мэдлэг мэргэжил, ур чадвар, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу
шалгалтыг зохион байгуулсны үндсэн дээр
хөдөлмөрийн
гэрээг цуцлах буюу үр дүнгийн гэрээг
дуусгавар болгоно.
12.2. Ажилтан
мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа
тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол.
12.3. Ажилтан 60 нас
хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд
тухайн ажилтны саналыг харгалзан.
12.4. Мөнгө болон эд
хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс
үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол.
12.5. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөх тохиолдолд ажил
хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэн өгнө.
Тухайн ажилтан
байгууллагатай хийгдэх тооцооны хуудсыг бөглүүлж, холбогдох ажилтанд хянуулж,
баталгаажуулсны дараа санхүү, эд хөрөнгийн тооцоо хийгдсэнээр түүнд ажлаас
чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын
дэвтрийг хүлээлгэн өгнө.
Арван гурав.
Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах:
13.1. Хууль болон
хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай
өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих
эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.
13.2. Хүндэтгэн үзэх
шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол
хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан
хугацаанаас өмнө цуцалж болно.
Арван дөрөв. Хөдөлмөрийн дотоод журмыг
мөрдөх:
14.1. Энэхүү дотоод
журмыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
14.2. Дотоод журмыг
хуулийн заалтыг хэрэгжүүлэх, тогтоосон журмыг хуульд нийцүүлэх зарчмаар
мөрдөнө.
14.3. Энэхүү дотоод
журмын биелэлтэд Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга хяналт тавина.
14.4.
Дотоод журамд өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд хамт олны хурлаар
хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
14.5. Энэхүү журмын
зарим заалт хууль болон эрх бүхий байгууллагын дүрэм, журам, заавартай зөрчилдвөл
Дотоод журмын заалтыг дагаж мөрдөхгүй.
14.6. Энэ журмыг
дагаж мөрдсөн өдрөөс эхлэн шүүгч, ажилтнуудын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний
26 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг хүчингүйд тооцно.
Leave a Comment